Thursday, March 15, 2012

УЛСТӨРИЙН “0” ШИЙДЭЛ


УЛСТӨРИЙН “0” ШИЙДЭЛ

Сонгууль дөхөх тусам улс төрийн тэмцэл, үнэн хэрэгтээ засгийн эрхийн төлөө тэмцэл улам хурцдаж, их л эрээ цээргүй тал руугаа эргэж байна. Эдгээр улс төрчдийн ярьж хэлж байгаагаас дүгнэхэд ардчилсан Монгол улсад нэг ч удаа шударга сонгууль болж байгаагүй юм байна. Дандаа булхай, луйвар.
2008 оны 7-р сарын 1-нд Ерөнхийлөгч дээр цугларсан улс төрийн намын дарга нар бүгд л нэгнийгээ, ялангуяа МАХН (одоогийн МАН), АН хоёрыг булхай хийснийг баримттайгаар баталгаажуулсан гэж ярьсан бичлэгийг саяхан давтан гаргалаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын дарга нар бүгд л булхай, луйврыг баримтжуулж баталгаажуулсан л гэж байна.
Энэ бүгдээс маш энгийн логикоор дүгнэлт хийхэд МАН болон АН-аас УИХ-д сонгогдсон хүмүүс дотор луйвраар гарч ирсэн хүн хэд хэд байгаа юм байна. Тиймээс хамтарсан ч бай, дангаар ч бай засгийн эрхийг хууль бусаар булаан авсан болж таарах нь. Зөвхөн 2008 оны сонгууль биш, бүх сонгууль ижил гэнэ. Орон нутаг ч бас хамрагдана.
Тэгэхээр энэ олон жилийн турш сонгогчдын саналыг будилуулж, засгийн эрх барьсан намуудыг яах ёстой вэ? Эрх зүйт улс, ард түмэн гэдгээ одоо л нэг мэдэрцгээе. Дараахь хуулийн заалтыг хэрэгжүүлэх саналтай байна.
Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйл нь “Намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах” тухай юм. 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заажээ.
Улсын дээд шүүхийн шийдвэрлэх хугацаа нь 23.1-т зааснаар ажлын 5 хоног юм.
Хуулийн энэ заалтын “болзлыг” өнгөрсөн 20 гаруй жилийн турш засгийн эрхийг хууль бусаар авсан (дарга нарын баталгаагаар) МАН ба АН хангалттай биелүүлсэн гэж бодож байна. Сонгууль будилуулсан, булхайцсан, луйвардсан баримт нотолгоог Улсын дээд шүүх тэр хэлсэн, ярьсан хариуцлагатай хүмүүсээс гаргуулж баримтжуулах нь зүйтэй юм.
Энэ 2 намын гишүүдийг нийлүүлээд ч Монголын ард түмний олонх болж чадахгүй тул энэхүү тараах шийдвэр нь нийт ард түмний эрх ашгийн төлөө байх нь дамжиггүй. Одоо энэ манай дарга нар яах вэ гэж үү? Дахин шинээр нам байгуулах нь байгуулаад, бусад намд элсэх нь элсэнэ л биз. Харин шинээр байгуулагдах намыг нь сонгуульд өрсөлдөх эрхийг нь нээж өгөх байх аа. Үнэхээр л эх орон, ард түмнийхээ төлөө бол дахиад л гараад ирэх байлгүй дээ.
Хэрэв Улсын дээд шүүх ингэж шийдвэл энэ элдэв талцал, хонзогнол үгүй болж, 7-р сарын 1-ний хэрэг ч амархан шийдэгдэнэ гэж мунхаглана. Энэ тохиолдолд яг буудсан этгээд хариуцлага хүлээхээс улс төрийн хариуцлага хүлээх субьект үгүй болно. Тушаал өгсөн ч бай, үгүй ч бай дарга нарыг шийтгэх шаардлагагүй болж, дахин хонзогнол, талцал, хэлмэгдэл, гүтгэлэг гарахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Шинэ УИХ сонгогдох хүртэл засгийн эрх Ерөнхийлөгчид шилжих болов уу. Хуульчид үүн дээр хуулийн дагуу яах ёстойг, төрийн ажлыг яаж зохицуулах ёстойг гаргаж ирэх биз дээ.
Энэ санал засгийн эрх бариагүй бусад намуудад хамааралгүй юм. Тэд харин дээрх намуудын алдаа, дутагдлыг давтахгүй байх ёстой.

“0 øèéäýë”-ийн санал дэвшүүлсэн,
Монгол улсын иргэн Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ

No comments:

Post a Comment