Monday, April 16, 2012

НАНХИАДЫГ УРИХУЙ

НАНХИАДЫГ УРИХУЙ

Нэгэн зүйл. Их Монгол улсын хаан Хубилайн үүсгэн байгуулсан их Юань улс  Хятадыг Монголын эрхшээлд бүрэн оруулж, 97 жилийн турш (1271-1368) захирсан билээ. Хубилай хаан Их Юань улсын төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн улс төрийн системийг тогтоож чадсан бөгөөд өндөр түвшний бүх албан тушаалд монгол хүмүүсийг томилох зарчим баримталж, хэрэв тохирох монгол хүн олдохгүй бол хятад биш бусад үндэстнийг сонгож байсан байна. Хань үндэстэн улс төрийн хувьд үндсэндээ гадуурхагдаж байв. 1368 онд Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдсөн ч Умард Юань буюу Монголын эзэнт улс өөрийн нутагт оршин тогтносоор үлдсэн юм.
Монголын эзэмшил газар 1300-1405

Нэгэн зүйл. 1368-1644 оны хооронд тогтсон хань үндэстний Мин улс нь хятад хаантай байсан хамгийн сүүлийн улс гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Их Юань улсыг сэргээх зорилготой монгол, зүрчид зэрэг нүүдэлчдийн дайралт үргэлжийн хүндрэлтэй асуудал байсан бөгөөд газар нутгийн хувьд цагаан хэрмээс хойш гараагүй юм. Монгол нутагт бага хаадын үе үргэлжилж байсан ч төрөлх нутгаа харийн түрэмгийлэгчдэд алдаагүй билээ.

Нэгэн зүйл. 1234 онд Чингис хаанд эзлэгдэж дагаар орсон Зүрчидийн Алтан улсын хойчис Айсин Гиоро (алтан ураг) овгийн манжууд Монголын овог, аймгуудтай холбооны улс байгуулан 1644 онд Хятадыг эрхшээлдээ оруулсан Их дайчин гүрнийг байгуулсан байна. (Алтан улсын нэрийг манж хэлээр “Айсин гүрэн”, хятад хэлээр ойролцоогоор Qing буюу Чин юм, “гүрэн”=“улс” гэсэн манж үг) Манж чин улсыг үндэслэгч Нурхайч 1599 онд өөрийн 2 орчуулагч Эрдэнэ багш, Дахай зурхайч нараар монгол бичгийг бага зэрэг өөрчлүүлэн манж цагаан толгойг үүсгэсэн байна. Манжийн дээдсийн хүрээллийнхэн монгол хэл, ёс заншил, монгол хүмүүсийг ихэд хүндэлж, албан бичиг баримтуудыг монгол хэлээр гаргаж, өөрсдөө  монголоор ярьж байв. 1689 оны Нерчинск, 1727 оны Хиагтын гэрээний нэг хувь нь тус тус монгол хэл дээр хийгдсэн байдаг. 1911 онд хаан ширээнээс буусан Айсин гиоро овогт Пү И-гийн хаанчлал хүртэл “Цагаан хэрмээс хойш хятад шаахайн мөр гаргахгүй” гэсэн манжийн хааны бодлого уламжлагдан ирсэн нь тодорхой.

Нэгэн зүйл. Манж чин гүрэн цагийн аясаар өөрөөс нь хөгжлөөр илүү гадаад улсуудын өмнө толгой бөхийлгөж, хэд хэдэн цуврал тэгш бус гэрээ байгуулсны дүнд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр 200 орчим жил хаант Оросын нөлөөний бүст оржээ. Энэ байдал 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал хүртэл үргэлжилсэн гэж үзэх үндэстэй байна.

Чингис хааны үеэс монголчууд хөрш ард түмэнтэйгээ үргэлж дайсагнаж явсангүй. Харин сайн хөршийн болон хар хайрцагны бодлогоо алдалгүй явсаар 1990 онтой золгожээ. Үлгэрлэвэл, манжийн хааны “цагаан хэрмээс хойш нутагт газар тариалан эрхэлж болохгүй” гэсэн хууль буюу эдийн засгийн аргаар хориглолт хийх бодлогыг нүүдэлчид хэлбэрэлтгүй баримталж ирсэн юм.

Нүүдлийн мал аж ахуй эрхэлж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж ирсэн төрийн хар хайрцагны бодлого “Алт” хөтөлбөрөөр эхэлсэн уул уурхайгаар алдагдлаа гэж үү?

1 comment:

  1. “Цагаан хэрмээс хойш хятад шаахайн мөр гаргахгүй” гэсэн манжийн хааны бодлого нь 1905 он хүртэл үргэлжилсэн. Бэлэвсэн Хатан Хаан Шинэ Эргэлийн бодлого (?) зарлаж Хятад хүний өмнө Монгол орон нээлттэй болсон. зорчих, амьдрах, гэрлэх, тариа тарих эрхүүд нээгдсэн

    ReplyDelete