Thursday, May 3, 2012

МОНГОЛЫН ТУСГААР ТОГНОЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН СУН ЗИ ВЭН


МОНГОЛЫН ТУСГААР ТОГНОЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН
СУН ЗИ ВЭН

1945 оны 7 дугаар сарын 2-ны өдөр. Москва хот.
Энэ өдөр болсон Зөвлөлт-Хятадын хэлэлцээрт И.В.Сталин Хятадын Гадаад хэргийн сайд Сун Зи Вэнтэй БНМАУ-ын асуудлаар ярилцсан байна. БНМАУ-ын тухайд Чан Кайши гадаад Монголын асуудлыг өнөөдөртөө шийдэх бололцоогүй гээд энэ асуудлыг бид нээлттэй үлдээх шаардлагатай гэж үзэж байгаа ба ер нь одоогоор хөндөх бодолгүй байна... Хятад улс туйлын хүнд байдалд байгаа ба Хятадын засгийн газар өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг алдаж байгаагаа зарлаж хэрхэвч чадахгүй гэж Сун хэлэв.

Мөн тэрээр "Хэрвээ бид урьд нь Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж ЗХУ-ын хүлээн зөвшөөрсөн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчих юм бол Хятадын засгийн газрын байр суурь ард түмний өмнө ганхах болно" гээд Хятадад байдал тогтворжихыг хүснэ гэсэн Сталины үгийг дурсчээ.

1945 оны 7 дугаар сарын 7-ны өдөр. Москва хот.
Энэ өдөр Сталин Москва хотод айлчилж буй Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчдийг хүндэтгэн зоог барьсан байна.

Мөн энэ өдөр Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн гурав дахь уулзалт Сталин, Сун Зи Вэн нарын хооронд болоход "тусгаар тогтносон" БНМАУ-ын удирдлага оролцоогүй нь ойлгомжтой. Сун Зи Вэнээс Чан Кайшийн захидлыг танилцуулж, мөн л гадаад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч чадахгүй тухай мэдэгджээ. Крымийн бага хурлын шийдвэрийн дагуу гадаад Монголын статус-квог хадгалахтай санал нэг байгааг дуулгасан байна. Мөн Монголд дээд зэргийн автономит эрх олгох болно гэв. Сталин, гадаад Монгол Хятадын нутаг дэвсгэр байх тохиолдолд бид цэргээ оруулбал танай улсад довтолсон хэрэг гэж үзэх хүчин бий гэсэн ба үүнээс гадна монголчууд өөрсдөө тусгаар байх хүсэлтэй гэжээ. Уулзалт 50 минут орчим үргэлжлээд ойголцоогүй дуусав.

1945 оны 7 дугаар сарын 9-ний өдөр. Москва хот.
Дээрх хоёр 4 дэх удаагаа уулзаж ярилцжээ. Сун "Гадаад Монголын асуудал Хятад ЗХУ-ын хоорондын гэрээнд гол саад болж буй учир хоёр орны нийтлэг эрх ашгийн үүднээс Хятадын засгийн газар Японы ялагдсны болон дээрх 3 зүйлд дурдагдсан зорилгод хүрсний дараа Монголд тусгаар тогтнол олгоход бэлэн гэж үзэж байна. Гэхдээ ирээдүйд ямар нэг үл ойлголцол, сөргөлдөөн гаргахгүйн тулд энэ ажиллагааг хүн амын санал асуулга явуулах замаар гүйцэлдүүлэх ёстой. Санал асуулга явуулсны дараа Хятад нь БНМАУ-ын тусгаар тогтнолын талаар зарлана. Ингэхдээ гадаад Монголын нутаг дэвсгэр Хятадын хуучин газрын зургууд дээр заагдсан хилээp хязгаарлагдах ёстой. ЗХУ Хятадын энэхүү асар их хэмжээний золиосыг, мөн хоёр орны хоорондын энх тайван бат бэх хамтын ажиллагааны төлөө ийм алхам хийж байгаа чин сэтгэлийг үнэлж чадна гэдэгт Хятадын засгийн газар найдаж байна."

Зургаа дахь яриа 7 дугаар сарын 12-нд болж байжээ.

Дэлхийн 2-р дайн өндөрлөж, ЗХУ болон холбоотны ялалт ойртсон үед Хятадын засгийн эрхэн дэх Чан Кайши тэргүүтэй гуоминданы намын гол “шүдний өвчин” бол японы эзлэн түрэмгийлэл байв. Хятадын засгийн газар Японы эсрэг 1937 оны 7-р сараас эхлэн 8 жил орчим тэмцээд байсан юм. Ялтын хэлэлцээр ёсоор фашист Германыг бууж өгснөөс хойш 90 хоногийн дотор Японы эсрэг дайнд орох үүргийг Сталин буюу ЗХУ өөр дээрээ хүлээсэн байлаа. Манжуурын төмөр зам, Порт-Артур боомтод Зөвлөлтийн нөлөөг тогтоох, Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх зэрэг нарийвчилсан олон асуудлаар Хятадын засгийн газартай эцэслэн тохирох шаарлагатай байсан тул 1945 оны 7-р сарын эхнээс Японы эсрэг дайн зарлах хүртэл Сун Зи Вэн тэргүүтэй Хятадын төлөөлөгчидтэй 8 удаа хэлэцээрт орсон байдаг.

Хэдийгээр гурван том гүрний тохиролцоогоор БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх нь шийдэгдсэн боловч Хятадын төлөөлөгчид ялангуяа ерөнхий сайд Сун Зи Вэн ихэд эмзэглэж, асуудлыг аль болох эцэслэн шийдэхгүй байх зорилгоор хилийн асуудлыг хөндөн тавьж байв. Тэрээр, гадаад Монгол нь Хятадын нутаг дэвсгэрийн 1/7-г эзэлдэг талаар дурдаж, хилийн шугамыг тогтоосны дараа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг зарлана гэх зэргээр олон шалтаг хэлж байсан. Эцсийн эцэст японыг нутаг дэвсгэрээсээ гаргаж, Гуоминдан нам засгийн эрхэнд үлдэх нь юу юунаас чухал эрх ашиг байсан тул Зөвлөлтийн бүхий л санал, түүний дотор БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн хилээр нь хүлээн зөвшөөрөх болсон билээ. Манжуурыг хятадын мэдэлд авах, олон жил тэмцсэн японыг ялж улс орноо нэгтгэх нь Чан Кайшид амин чухал байсан хэдий ч Хятадын ард түмэнд гадаад монголын тусгаар тогтнолын талаар “том буулт” хийснээ тайлбарлахын тулд японыг ялсны дараа Монголын ард түмнээс бүх нийтийн санал асуулга зохион байгуулах санааг Сун Зи Вэн гаргасан байна. Тэрээр тухайн үеийн өндөр боловсролтой сэхээтний хувьд хэлэлцээрийг маш нягт нямбай хийсэн бөгөөд түүний барууны орнуудад ялангуяа АНУ-д их нөлөөтэйг нь харгалзан Сталин хүндэтгэлтэй хандаж байв. Сун “Гадаад Монгол ийм ярвигтай асуудал болчих юм гэж үнэхээр бодоогүй” гэж ярьж байлаа.
Сун Зи Вэн эхнэр Лаурагийн хамт


Сталинтай Монголын тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцсэн тухайн үеийн Хятадын ерөнхий сайд Сун Зи Вэн гэж хэн байв?

Сун Зи Вэн 1894 онд Шанхайд төрж, 1971 оны 4-р сард Сан Франциско хотод зүрхний шигдээсийн улмаас нас барсан. Түүний нэрийг англи хэл дээр Soong Tse-ven эсвэл Soong Tzu-wen гэх мэтчилэн галигласан байдаг. Товчилсон нэр нь англи хэл дээр T.V.Soong.

Түүний аав Чарли Сун бага залуудаа Индонезээр дамжин Америкт хүрч, хятадын уламжлалаас хазайж христийн шашинтан болсноор америк бизнесменүүдтэй холбогдон бизнес цэцэглүүлж, Шанхайд амьдрах болжээ. Хүүхдүүдээ Америк явуулан боловсрол эзэмшүүлснээр хятадын элит гэр бүлийн нэг болсон байна. Чарли Суных 3 хүү болон дэлхий даяар “эгч дүү Сун” гэж алдаршсан 3 охинтойгоос хамгийн том охин Ай Лин тухайн үеийн хятадын хамгийн баян хүн болох Кун Сианситэй гэрлэсэн. Кун Сианси Сангийн сайд, мөн Ерөнхий сайдын алба хашиж байсан. Удаахь Чин Лин нь хятадын хувьсгалын эцэг хэмээгч Сүн Ят Сэний эхнэр болсон ба сүүлд коммунистуудын талд орж, “Сталины нэрэмжит энх тайвны шагнал” хүртэн 1981 онд БНХАУ-ын хүндэт ерөнхийлөгчөөр нэрлэгдсэн байна. Харин хамгийн бага охин Мэй Лин 1927 онд Чан Кайшитай гэрлэж, 2003 он хүртэл 105 насалжээ.

Чарли Суны гэр бүл.
1-р эгнээ. T.A. (отгон хүү)
2-р эгнээ. Ай Лин, Зи Вэн (T.V.), Чин Лин
3-р эгнээ. Чарли Сун, эхнэр Ни
Арын эгнээнд зогсож буй: T.L. (дунд хүү), Мэй Лин


Чарли Суны ууган хүү Сун Зи Вэн Шанхай хотын гэгээн Жоны их сургууль төгссөний дараа 1915 онд Харвардын их сургуульд эдийн засгийн зэрэг хамгаалжээ. Хэсэг хугацаанд Нью Йорк хот дахь Олон улсын банкны корпорацид ажиллаж, улмаар Коламбиа их сургуулийг дүүргэсэн байна. Хятадад эргэн ирж, Сүн Ят Сэний Гуандун дахь засгийн газарт санхүүгийн асуудлыг хариуцаж байгаад Чан Кайши амжилт олсны дараагаар 1928-1931 онд Хятадын төв банкны дарга, 1932-1933 онд Сангийн сайдаар ажиллав. 1942-1945 онд Гадаад харилцааны сайд, 1945-1947 онд буюу Монголын тусгаар тогтнолын асуудлыг Сталинтай хэлэлцэх үед Гүйцэтгэх юаны ерөнхийлөгч, Хятад улсын ерөнхий сайдын албыг хашиж байжээ.

Гуоминдан нам Хятадын иргэний дайнд ялагдал хүлээснээс хойш Нью Йорк хотод суурьшин амьдарч, хятадын лобби бүлгийг тэргүүлэн бизнес эрхэлж байв. Тэрээр 77 насалсан бөгөөд 1971 оны 4-р сард Сан Францискод бизнесийн ажлаар явж байхдаа зүрхний шигдээсээр нас баржээ.

Сун Зи Вэний хувийн архив болох нийт 58 хайрцаг бичиг баримтаас 39 нь 1970-аад оны үед судлаачдад нээлттэй болсон бөгөөд үлдсэн хэсгийг хатагтай Чан Кайшиг нас барсны дараа буюу 2004 онд олон нийтэд нээлттэй болгожээ. АНУ-ын Станфордын их сургуульд буй энэхүү архивын бичиг баримтанд манай улсын тусгаар тогтнолын асуудалтай холбоотой олон баримтууд байгаа нь дамжиггүй.


Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ
2012.5.3


Ашигласан:

Pakula Hannah. The Last Empress, Madame Chiang Kai-Shek and the birth of modern China. Simon & Schuster, New York 2009
ШУА, Түүхийн хүрээлэн, Архивын ерөнхий газар. Сталин ба Монгол орон. Улаанбаатар 2011
Jonathan Fenby. Generalissimo Chiang Kai-Shek and the China he lost. The Free Press 2003

No comments:

Post a Comment