Saturday, November 23, 2013

TRQ-Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Хувьцаа эзэмшигчдийн анхааралд:
Үүссэн асуудлаар Померанц хуулийн фирм TRQ-Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн ажиллаж байна.

2013 оны 11 сарын 15. Нью Йорк хот. Померанц хуулийн фирм нь үүссэн асуудлаар Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн ажиллаж байгаа тул хувьцаа эзэмшигчид Lesley F.Portnoy –той lfportnoy@pomlaw.com эсвэл 888-476-6529, 237 –оор харилцана уу.

Шалган судлах ажиллагаа Туркойз Хилл ба түүний тодорхой албан тушаалтнууд, захирлууд 1934 оны Хувьцаа* Шилжүүлэх Хуулийн 10(b) болон 20(а) хэсгийг зөрчсөн эсэх дээр явагдаж байна. 2013 оны 11 сарын 8-нд Туркойз Хилл 2010, 2011, 2012 оны 12 сарын 31-нээр эцэслэсэн жилийн эцсийн болон улирлуудын, мөн 2013 оны холбогдох улирлуудын нэгтгэгдсэн** санхүүгийн үзүүлэлтүүдэд засвар оруулна гэж зарласан билээ. Тус компани 2012 оны 12 сарын 31-ний жилийн эцсийн болон харьцуулсан хугацааны санхүүгийн тайлангууд, мөн удирдлагын хэлэлцүүлэг, шинжилгээнд өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

Зөвхөн энэ мэдээллээс болж 2013 оны 11 сарын 8-ны өдрийн доторх худалдаагаар Туркойз Хилл-ийн хувьцаа 4.93$-н үнээс 0.15$ буюу 3%-иас дээш унажээ.

Померанц фирм нь Нью Йорк, Чикаго, Сан Диего, Флоридад төвлөрдөг корпораци, хувьцаа ба хөрөнгө, шударга өрсөлдөөний эсрэг бүлэг хуйвалдаантай холбоотой хууль зүйн үйл ажиллагаа эрхэлдэг нэр хүнд бүхий тэргүүлэх фирмийн нэг юм. Хуйвалдааны эсрэг холбооны тэргүүн гэдгээрээ алдартай Abraham L. Pomerantz агсны үүсгэн байгуулсан Pomerantz Firm нь хувьцаатай холбоотой бүлэглэн хуйвалдах хэргүүдтэй анх ажиллаж эхэлсэн. 70 гаруй жил өнгөрсөн ч өнөөдөр Померанц фирм нь түүний тогтоосон уламжлалыг үргэлжлүүлж хувьцааны гэмт хэргийн хохирогчдын эрх ашиг,  итгэлцлийн үүргээ зөрчсөн болон корпорацийн хууль бус үйл ажиллагаатай тэмцсээр байна. Тус фирм нь хохирогсдын нэрийн өмнөөс олон сая долларын хохирлын асуудлыг шийдвэрлэж байсан болно. www.pomerantzlaw.com. Үзээрэй.

CONTACT:
Lesley F. Portnoy
Pomerantz Grossman Hufford Dahlstrom & Gross LLP



Хувьцаа* = Security гэдэг тодорхойлолт олон утга агуулдаг тул Хувьцаагаар орчуулав.


Нэгтгэгдсэн ** санхүүгийн тайлан = Энэ тайланд Туркойз Хилл-ийн Монгол дахь охин компаниуд болох Оюутолгой ХХК, Саут Гоби Сандс г.м. бүгд ордог.

Wednesday, September 4, 2013

Хүний тархи ба Оюуны спорт


           Зарим талаар хүний тархи компьютертэй төстэй. Гэхдээ логик үйл ажиллагаанаас гадна суралцах, өөрийгөө үнэлэх, сэтгэл хөдлөх, бүтээлч сэтгэлгээгээр хандах, хөгжих зэрэг цогц чадвартай байдаг. Тархи нь хүнд бодож, суралцах боломж олгодог ухамсрын хэсэг юм. Тархи нь биеийн жингийн 1/50-ийг эзэлнэ. Тархины нийт эдийн 4/5-өөс илүү хувийг эзлэх их тархи нь дагуу завсраар хоёр тал бөмбөлөгт хуваагддаг.



Тархи бол асар том нэгдмэл цогцолбор бөгөөд оюуны олон чадамжуудыг ганц хэсэг талбарт харьяалдаггүй. Тухайлбал, “ой тогтоолтын төв” ганц байдаггүй. Бодол, сэтгэл, ухамсар, сэтгэлийн хөдөлгөөн болон ой ухаан тархины олон хэсэгт агуулагддаг. Хэдий тийм ч тархины хоёр тал бөмбөлөг хүн хүнд өөр буюу аль нэг нь давамгайлах байдалтай байдаг.

Зүүн тал бөмбөлгийг “логик сэтгэлгээний” гэж нэрлэх бөгөөд хэл, логик, тоо, дараалал, задлан шинжлэх чадваруудыг хариуцна. Баруун тал бөмбөлгийг “бүтээлч” гэж нэрлэх бөгөөд орон зай, өнгө, хөгжмийн ритм, ургуулан бодох, төсөөлөн дүрслэх чадваруудыг хариуцна. Мөн “урлагийн зүүн”, “шинжлэх ухааны баруун” гэж нэрлэх нь ч бий. (Зураг 1). Гэвч хүний ихэнх үйлдэл, ухамсар, бодож сэтгэх үйл ажиллагаанд хоёр тал бөмбөлөг оролцож байдаг нийлмэл процесс юм.


Төрөхөөс нөхөн үржлийн нас хүртэл тархины эрчимтэй хөгжлийн үе юм. Хүүхэд төрөхөөс эхлэн 5 нас хүрэхэд түүний тархины жин том хүний 90%-д хүрнэ. Харин эрэгтэй хүүхэд 14, эмэгтэй хүүхэд 12 нас хүрэхэд нөхөн үржлийн насанд хүрдэг онцлогтой. Ийм учраас 5 наснаас эхлэн нөхөн үржлийн нас хүртэл хугацаанд хүүхдийн тархины хөгжлийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.
Зураг 1.

Аль ч насны хүн биеийн тамир, спортоор хичээллэж тархины үйл ажиллагааг сэргээж байх нь маш чухал байдаг. Биеийн хүч оролцсон спортоос гадна тархины үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлж өгдөг оюуны спортоор хичээллэх нь өндөр ач холбогдолтойг судалгаа нэгэнт тогтоожээ. Нэг жишээ дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны улсынхаа төсөвт тархины судалгаанд зориулж 100 сая доллар тусгаж өгсөн байна. Олон улс орнууд тархины хөгжил, тархины судлалын асуудлыг улс орны бодлогын түвшинд авч үзэж байгаа нь оюунлаг эрүүл иргэд улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлохыг тооцож байгаа нь ойлгомжтой.

Эрдэмтдийн судалгаа тархины үйл ажиллагааны хөгжлийг биеийн ил харагдах булчингийн хөгжилтэй адилтгасан байна. Энгийн үгээр хэлвэл, тархийг хичнээн ажиллуулах тусам булчин суудаг гэж ойлгож болох юм. Оюуны олон үйлдлийн үед тархины хэд хэдэн хэсгүүд идэвхжиж, тархи бүхэлдээ “гэрэлтэж” бодож байгаа бүсүүдийн идэвхтэй нэгдэл харагддагийг үйл ажиллагааны цахилгаан соронзон хэлбэлзлийн шинжилгээгээр тогтоожээ. (Зураг 2).


Зураг 2. Ажиллаж байгаа тархи гэрэлтэж буй нь

Насжилттай холбоотойгоор тархинд өөрчлөлт гардаг. Тархины мэдрэлийн эс цөөрснөөс мэдрэлийн эсүүдийн хоорондох сэрэл дамжуулалт удааширна. Мэдрэх чадвар багасч, рефлексууд сулран хөдөлгөөн хязгаарлагддаг. Тархинд бодисын солилцооны хаягдал бодис хуримтлагдснаар ой тогтоолт, оюун дүгнэлт саарна. Гэхдээ хүн оюун ухаанаа ажиллуулах тусам гарах өөрчлөлт бага байдаг ажээ.

Тиймээс аль ч насны хүн, ялангуяа хүүхэд болон бага залуу наснаасаа тархины булчннгаа хөгжүүлэх тархины дасгал, фитнесийн чухал нэг арга нь оюуны спортоор хичээллэх юм. Түүний дотроос 100 буудалт даамаар хичээллэвэл ямар чадварууд хөгждөг тухай цухас жагсаая.

  • Сурах арга барилыг өөртөө төлөвшүүлнэ.

  • Логик сэтгэлгээг сайжруулна. Логик бүхий стратегийг сонгохыг шаардана. Өөрийн байрлалд сул тал үүсгэхгүй, өрсөлдөгчийн сул талыг ашиглах, зөвхөн сул тал гэж юу вэ гэдгийг судалж мэдэх гээд тасралтгүй сурах үйл ажиллагаа юм.

  • Ямар ч насны хүн тоглож болдгоороо бусад спортоос ялгаатай. Настай хүн залуу хүн шиг, залуу хүн настай хүн шиг ч тоглож болно. Ой тогтоолтыг сайжруулна.

  • Даамын онол нэлээд төвөгтэй бөгөөд зөвхөн гараа гэхэд маш олон хувилбарыг цээжлэх шаардлагатай болдог.

  • Даам нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлдэг. Тоглолтын турш өрсөлдөгчөө ялахын төлөө тэмүүлж байдаг.

  • Дүрслэл, бүтээлч байдлыг хөгжүүлнэ. Тоо тоймгүй олон гайхамшигт цохилт, уран нүүдлүүд бий.

  • Бие дааж сурна. Өөрийн дүгнэлтээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд хэн ч Танд туслахгүй.

  • Үр дүнг урдчилан харах чадварыг хөгжүүлнэ. Замаар гарахдаа хоёр тийшээ харж шалгахтай адил юм.

  • Өөрийгөө урамшуулах боломжийг олгоно. Төгсгөлгүй олон боломжоос хамгийн сайн нүүдэл, хамгийн сайн төлөвлөгөө, хамгийн гоёмсог нүүдлийг олох эрэл хайгуулыг үргэлж хийх боломж олгоно.

  • Хичнээн их ажиллана, тийм үр дүн хүлээдэг гэдгийг харуулна.

  • Даам ба Шинжлэх ухаан. Шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлнэ. Шинэ санаа гаргана, таамаг дэвшүүлж туршина.


Эцэст нь дурдахад даам нь харьцангуй хямд боловч үр өгөөжтэй спорт юм. Даамын спортоор хичээллэснээр хичээл сурлагадаа сайжирч, ажил амьдралдаа амжилт олcон жишээг олноор дурдах боломжтой билээ.

2013.9.3 Улаанбаатар хот

Ашигласан ном, бүтээлүүд 

Стив Паркер. (2007). Хүний бие. © “Монсудар” хэвлэлийн газар
Robert Fisher. (1995). Teaching Children to Think. Stanley Thornes (Publishers) Ltd
Po Bronson. (2009). Is the Brain Like a Muscle, Really? The Daily Beast

Harm Wiersma & others. (2003-2012) Benefits of playing Draughts. World Draughts Club

Tuesday, February 19, 2013

Баялагтаа эзэн болох оролдлого


Монгол улс хөрсөн доорх баялгаа ашиглан ядуурлаас гарч өндөр хөгжилд хүрнэ гэсэн горьдлого тээсээр ирсэн ч одоо бол харин дайн самуун дэгдсэн Африкийн орнуудын араас орохгүй байх тухай чих дэлсэх боллоо. Гадныхны ойлгосноор энэ өргөн уудам “эзэнгүй” нутагт дураар дургиж болно хэмээн “басамжилсан” нь тийм ч амар биш болох нь мэдрэгдэж байгаа болов уу. Уул уурхай тойрсон бухимдал, гомдол, тунирхал, сүрдүүлэг, “тархи угаалт” үргэлжилсээр...
Оюутолгой, Хөшөөт, Төмөртэй, Тавантолгой, Нарийнсухайт, Дорнодын газрын тос мэтээс эхлээд бүр жижиг ч тэр хэл амгүй уурхай гэж алга. Уул уурхайг огт мэдэхгүй миний хувьд энэ хэрүүл тэмцлийг огт ойшоодоггүй байлаа. Гэтэл сүүлдээ монгол хүн бүр эх орныхоо төлөө тэмцэх хэрэгтэй байна, эх орны баялгийг хэдхэн нөхөр хувааж идлээ ч гэх шиг өөрийн эрхгүй анхаарал хандуулахаас аргагүй их “шуугиан” дунд орлоо. Бас ч үгүй бага зэрэг уншиж, судалж үзлээ. Ингээд “хэрэлдээд” яваад байх уу гэдэг асуудал байна.
Монгол улсын Үндсэн хуулиар монголчууд бид бүх баялгийн эзэн. Энэ үгийг гадныхан ч батлан давтан давтан хэлсээр. Харин манай уурхайчид болон “хөрөнгө оруулагчид” гэх гадныхны ойлголтоор хөрсөн доор байгаа баялаг монголчуудынх, ухаж гаргаж ирсэн хойноо тэднийх болдог. Нэг юмны байршил солигдохоор эзэмшил нь солигддог “Ашигт малтмалын тухай” хуультай улс юм байна, бид. 
Ашиглалтын лиценз гэх ганц хуудас цаасанд хамаг юмаа тавиад тууж буй баялгийн эзэд гэх нийт ард түмэн, түүнийг төлөөлөх төр засаг нэг мэдэхэд хүртсэн юмгүй хоосон нүхтэй хоцорсоор байгаа юм. Хайгуул болон ашиглалтын лицензийг гартаа оруулсан гадныхан тэрбум тэрбумаар нь хөрөнгө босгож, нэгэнт олгосон эрхийн дагуу баялгийг зөөсөөр, баялгийн эзэд хоосон хардаж, харамлахаас өөр юу ч хийж чадахгүй, уурхайн торон хашаанд юу болж байгааг ч мэдэхгүй, тийш нь нэвтрүүлэх ч үгүй, ер нь ороод ч яах билээ. Ганц хоёр удаа буу шийдэмдээ хүрч байсан л даа.
Цаашид ингэж үргэлжийн хэрүүл тэмцэл, мэтгэлцээн бүр болохгүй бол буудаад яваад байх уу? Баялгаа ашиглаж буй бүх орнууд ийм байдаг уу? Олон жилийн өрөнд ороод баялгаа алдаад явах уу гэх мэт түмэн асуултанд хариулт хэрэгтэй.
Асуудалд абсолют буюу 100 хувь бүх талууд сэтгэл ханамжтай шийдэл байдаггүй ч талуудын сонирхол ялангуяа баялгийн эздийн ашиг сонирхолд нийцсэн шийдэл олохгүйгээр ирээдүйг төсөөлөхөд бэрх байна. Ингээд өөрийн саналыг тоймлон хүргэе.
  
1. Монгол улсад одоогоор илрээд байгаа бүх ашигт малтмалын (том, жижиг, стратеги энэ тэр бүгдийг хамруулна) ордын мөнгөн үнэлгээг гаргах. Геологийн хайгуулын мэдээллийн сан байдаг гэж сонссон ба энэхүү үнэлгээг гаргах нь мэргэжлийн хүмүүсийн ажил билээ. 

2. Тухайн ордыг тэрхүү үнэлгээгээр Монгол улсын байгалийн нөөцийн дансанд тусгах 

3. Хайгуулын зардлыг хайгуул хийж, олж илрүүлсэн газрын (төр, хувийн хэвшил, гадаадын компани) нэр дээр мөн дансанд тусгах. Маш нарийн мэргэжлийн хайгуулын аудит шаардлагатай болно. 

4. Монгол улсын байгалийн нөөцийн дансанд дээрх байдлаар бүртгэсний дараа олборлох сонирхол бүхий этгээд буюу оператор компанитай Засгийн газар болон хайгуулын ажил эрхэлсэн тал (төр, хувийн хэвшил, гадаадын компани) 3 талын хэлцэлд орж, ордыг олборлох эрхийг олгох. Ордын мөнгөн үнэлгээ, хайгуулын зардал, ирээдүйд гарах зардал, байгаль орчин, орон нутгийн иргэдийн асуудал зэрэг бүх талыг хамрах нь ойлгомжтой. Бүтээгдэхүүний борлуулалт, үйл ажиллагаа зэрэг бүх эрсдэлийг олборлогч тооцох нь ойлгомжтой.



Жишээ болгон Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 100кг алтны нөөцтэй орд дээр асуудал хэрхэн шийдэгдэхийг авч үзье. “А” компани хайгуул хийж нөөцийг тогтоосон.
Ордын нөөцийн үнэлгээ 5 сая доллар (Сангийн яам нөөцийн дансанд бүртгэж авна.)
Хайгуулын зардал 1 сая доллар (А компаний нэр дээр бүртгэгдэнэ)
Ордыг олборлохоор “Б” компани сонирхлоо илэрхийллээ гэж үзэхэд Засгийн газар, “А” болон “Б” компаниуд хэлцэлд орно. Олборлох зардал, бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт зэрэг эрсдэлийг тооцон “Б” компани үнийн саналаа илэрхийлэх бөгөөд “А” компани 1,5 сая доллар, Засгийн газар өөрт ирэх орлогыг 2,5 сая доллар гэж тооцох жишээтэй.

Оюутолгойн ордын хувьд асуудлыг ийнхүү шийдвэл одоогийн “Оюутолгой” ХХК оператор компани болж, хэнийгээ ТУЗ-дөө оруулна, хэдэн монгол ямар цалинтай ажиллуулах, ямар үнээр техник хэрэгслээ авах, 20,000 хувьсагчаа бодох эсэх нь тэдний асуудал болно. Оюутолгойд тусгайлсан хууль дүрэм, шаардлага хэрэггүй болж, Монгол улсын хуулийн хүрээнд ажиллаж байвал хэрхэх нь тэдний асуудал болох юм.
Энэхүү шийдлээр өдгөө ажиллаж буй болон ирээдүйд ажиллах олон орд, уурхайн асуудлыг шийдвэрлэж болох юм гэж мунхаглах ч хэрхэхийг төр, засгийн удирдлага шийдсүгэй. Монгол улсын их хурлын гишүүн С.Ганбаатараар дамжуулан энэхүү саналаа зохих хүмүүст нь хүргүүлэх бодолтой байна.

Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ
2012.2.19 Улаанбаатар хот

Thursday, May 3, 2012

МОНГОЛЫН ТУСГААР ТОГНОЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН СУН ЗИ ВЭН


МОНГОЛЫН ТУСГААР ТОГНОЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН
СУН ЗИ ВЭН

1945 оны 7 дугаар сарын 2-ны өдөр. Москва хот.
Энэ өдөр болсон Зөвлөлт-Хятадын хэлэлцээрт И.В.Сталин Хятадын Гадаад хэргийн сайд Сун Зи Вэнтэй БНМАУ-ын асуудлаар ярилцсан байна. БНМАУ-ын тухайд Чан Кайши гадаад Монголын асуудлыг өнөөдөртөө шийдэх бололцоогүй гээд энэ асуудлыг бид нээлттэй үлдээх шаардлагатай гэж үзэж байгаа ба ер нь одоогоор хөндөх бодолгүй байна... Хятад улс туйлын хүнд байдалд байгаа ба Хятадын засгийн газар өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг алдаж байгаагаа зарлаж хэрхэвч чадахгүй гэж Сун хэлэв.

Мөн тэрээр "Хэрвээ бид урьд нь Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж ЗХУ-ын хүлээн зөвшөөрсөн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчих юм бол Хятадын засгийн газрын байр суурь ард түмний өмнө ганхах болно" гээд Хятадад байдал тогтворжихыг хүснэ гэсэн Сталины үгийг дурсчээ.

1945 оны 7 дугаар сарын 7-ны өдөр. Москва хот.
Энэ өдөр Сталин Москва хотод айлчилж буй Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчдийг хүндэтгэн зоог барьсан байна.

Мөн энэ өдөр Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн гурав дахь уулзалт Сталин, Сун Зи Вэн нарын хооронд болоход "тусгаар тогтносон" БНМАУ-ын удирдлага оролцоогүй нь ойлгомжтой. Сун Зи Вэнээс Чан Кайшийн захидлыг танилцуулж, мөн л гадаад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч чадахгүй тухай мэдэгджээ. Крымийн бага хурлын шийдвэрийн дагуу гадаад Монголын статус-квог хадгалахтай санал нэг байгааг дуулгасан байна. Мөн Монголд дээд зэргийн автономит эрх олгох болно гэв. Сталин, гадаад Монгол Хятадын нутаг дэвсгэр байх тохиолдолд бид цэргээ оруулбал танай улсад довтолсон хэрэг гэж үзэх хүчин бий гэсэн ба үүнээс гадна монголчууд өөрсдөө тусгаар байх хүсэлтэй гэжээ. Уулзалт 50 минут орчим үргэлжлээд ойголцоогүй дуусав.

1945 оны 7 дугаар сарын 9-ний өдөр. Москва хот.
Дээрх хоёр 4 дэх удаагаа уулзаж ярилцжээ. Сун "Гадаад Монголын асуудал Хятад ЗХУ-ын хоорондын гэрээнд гол саад болж буй учир хоёр орны нийтлэг эрх ашгийн үүднээс Хятадын засгийн газар Японы ялагдсны болон дээрх 3 зүйлд дурдагдсан зорилгод хүрсний дараа Монголд тусгаар тогтнол олгоход бэлэн гэж үзэж байна. Гэхдээ ирээдүйд ямар нэг үл ойлголцол, сөргөлдөөн гаргахгүйн тулд энэ ажиллагааг хүн амын санал асуулга явуулах замаар гүйцэлдүүлэх ёстой. Санал асуулга явуулсны дараа Хятад нь БНМАУ-ын тусгаар тогтнолын талаар зарлана. Ингэхдээ гадаад Монголын нутаг дэвсгэр Хятадын хуучин газрын зургууд дээр заагдсан хилээp хязгаарлагдах ёстой. ЗХУ Хятадын энэхүү асар их хэмжээний золиосыг, мөн хоёр орны хоорондын энх тайван бат бэх хамтын ажиллагааны төлөө ийм алхам хийж байгаа чин сэтгэлийг үнэлж чадна гэдэгт Хятадын засгийн газар найдаж байна."

Зургаа дахь яриа 7 дугаар сарын 12-нд болж байжээ.

Дэлхийн 2-р дайн өндөрлөж, ЗХУ болон холбоотны ялалт ойртсон үед Хятадын засгийн эрхэн дэх Чан Кайши тэргүүтэй гуоминданы намын гол “шүдний өвчин” бол японы эзлэн түрэмгийлэл байв. Хятадын засгийн газар Японы эсрэг 1937 оны 7-р сараас эхлэн 8 жил орчим тэмцээд байсан юм. Ялтын хэлэлцээр ёсоор фашист Германыг бууж өгснөөс хойш 90 хоногийн дотор Японы эсрэг дайнд орох үүргийг Сталин буюу ЗХУ өөр дээрээ хүлээсэн байлаа. Манжуурын төмөр зам, Порт-Артур боомтод Зөвлөлтийн нөлөөг тогтоох, Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх зэрэг нарийвчилсан олон асуудлаар Хятадын засгийн газартай эцэслэн тохирох шаарлагатай байсан тул 1945 оны 7-р сарын эхнээс Японы эсрэг дайн зарлах хүртэл Сун Зи Вэн тэргүүтэй Хятадын төлөөлөгчидтэй 8 удаа хэлэцээрт орсон байдаг.

Хэдийгээр гурван том гүрний тохиролцоогоор БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх нь шийдэгдсэн боловч Хятадын төлөөлөгчид ялангуяа ерөнхий сайд Сун Зи Вэн ихэд эмзэглэж, асуудлыг аль болох эцэслэн шийдэхгүй байх зорилгоор хилийн асуудлыг хөндөн тавьж байв. Тэрээр, гадаад Монгол нь Хятадын нутаг дэвсгэрийн 1/7-г эзэлдэг талаар дурдаж, хилийн шугамыг тогтоосны дараа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг зарлана гэх зэргээр олон шалтаг хэлж байсан. Эцсийн эцэст японыг нутаг дэвсгэрээсээ гаргаж, Гуоминдан нам засгийн эрхэнд үлдэх нь юу юунаас чухал эрх ашиг байсан тул Зөвлөлтийн бүхий л санал, түүний дотор БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн хилээр нь хүлээн зөвшөөрөх болсон билээ. Манжуурыг хятадын мэдэлд авах, олон жил тэмцсэн японыг ялж улс орноо нэгтгэх нь Чан Кайшид амин чухал байсан хэдий ч Хятадын ард түмэнд гадаад монголын тусгаар тогтнолын талаар “том буулт” хийснээ тайлбарлахын тулд японыг ялсны дараа Монголын ард түмнээс бүх нийтийн санал асуулга зохион байгуулах санааг Сун Зи Вэн гаргасан байна. Тэрээр тухайн үеийн өндөр боловсролтой сэхээтний хувьд хэлэлцээрийг маш нягт нямбай хийсэн бөгөөд түүний барууны орнуудад ялангуяа АНУ-д их нөлөөтэйг нь харгалзан Сталин хүндэтгэлтэй хандаж байв. Сун “Гадаад Монгол ийм ярвигтай асуудал болчих юм гэж үнэхээр бодоогүй” гэж ярьж байлаа.
Сун Зи Вэн эхнэр Лаурагийн хамт


Сталинтай Монголын тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцсэн тухайн үеийн Хятадын ерөнхий сайд Сун Зи Вэн гэж хэн байв?

Сун Зи Вэн 1894 онд Шанхайд төрж, 1971 оны 4-р сард Сан Франциско хотод зүрхний шигдээсийн улмаас нас барсан. Түүний нэрийг англи хэл дээр Soong Tse-ven эсвэл Soong Tzu-wen гэх мэтчилэн галигласан байдаг. Товчилсон нэр нь англи хэл дээр T.V.Soong.

Түүний аав Чарли Сун бага залуудаа Индонезээр дамжин Америкт хүрч, хятадын уламжлалаас хазайж христийн шашинтан болсноор америк бизнесменүүдтэй холбогдон бизнес цэцэглүүлж, Шанхайд амьдрах болжээ. Хүүхдүүдээ Америк явуулан боловсрол эзэмшүүлснээр хятадын элит гэр бүлийн нэг болсон байна. Чарли Суных 3 хүү болон дэлхий даяар “эгч дүү Сун” гэж алдаршсан 3 охинтойгоос хамгийн том охин Ай Лин тухайн үеийн хятадын хамгийн баян хүн болох Кун Сианситэй гэрлэсэн. Кун Сианси Сангийн сайд, мөн Ерөнхий сайдын алба хашиж байсан. Удаахь Чин Лин нь хятадын хувьсгалын эцэг хэмээгч Сүн Ят Сэний эхнэр болсон ба сүүлд коммунистуудын талд орж, “Сталины нэрэмжит энх тайвны шагнал” хүртэн 1981 онд БНХАУ-ын хүндэт ерөнхийлөгчөөр нэрлэгдсэн байна. Харин хамгийн бага охин Мэй Лин 1927 онд Чан Кайшитай гэрлэж, 2003 он хүртэл 105 насалжээ.

Чарли Суны гэр бүл.
1-р эгнээ. T.A. (отгон хүү)
2-р эгнээ. Ай Лин, Зи Вэн (T.V.), Чин Лин
3-р эгнээ. Чарли Сун, эхнэр Ни
Арын эгнээнд зогсож буй: T.L. (дунд хүү), Мэй Лин


Чарли Суны ууган хүү Сун Зи Вэн Шанхай хотын гэгээн Жоны их сургууль төгссөний дараа 1915 онд Харвардын их сургуульд эдийн засгийн зэрэг хамгаалжээ. Хэсэг хугацаанд Нью Йорк хот дахь Олон улсын банкны корпорацид ажиллаж, улмаар Коламбиа их сургуулийг дүүргэсэн байна. Хятадад эргэн ирж, Сүн Ят Сэний Гуандун дахь засгийн газарт санхүүгийн асуудлыг хариуцаж байгаад Чан Кайши амжилт олсны дараагаар 1928-1931 онд Хятадын төв банкны дарга, 1932-1933 онд Сангийн сайдаар ажиллав. 1942-1945 онд Гадаад харилцааны сайд, 1945-1947 онд буюу Монголын тусгаар тогтнолын асуудлыг Сталинтай хэлэлцэх үед Гүйцэтгэх юаны ерөнхийлөгч, Хятад улсын ерөнхий сайдын албыг хашиж байжээ.

Гуоминдан нам Хятадын иргэний дайнд ялагдал хүлээснээс хойш Нью Йорк хотод суурьшин амьдарч, хятадын лобби бүлгийг тэргүүлэн бизнес эрхэлж байв. Тэрээр 77 насалсан бөгөөд 1971 оны 4-р сард Сан Францискод бизнесийн ажлаар явж байхдаа зүрхний шигдээсээр нас баржээ.

Сун Зи Вэний хувийн архив болох нийт 58 хайрцаг бичиг баримтаас 39 нь 1970-аад оны үед судлаачдад нээлттэй болсон бөгөөд үлдсэн хэсгийг хатагтай Чан Кайшиг нас барсны дараа буюу 2004 онд олон нийтэд нээлттэй болгожээ. АНУ-ын Станфордын их сургуульд буй энэхүү архивын бичиг баримтанд манай улсын тусгаар тогтнолын асуудалтай холбоотой олон баримтууд байгаа нь дамжиггүй.


Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ
2012.5.3


Ашигласан:

Pakula Hannah. The Last Empress, Madame Chiang Kai-Shek and the birth of modern China. Simon & Schuster, New York 2009
ШУА, Түүхийн хүрээлэн, Архивын ерөнхий газар. Сталин ба Монгол орон. Улаанбаатар 2011
Jonathan Fenby. Generalissimo Chiang Kai-Shek and the China he lost. The Free Press 2003

Monday, April 16, 2012

НАНХИАДЫГ УРИХУЙ

НАНХИАДЫГ УРИХУЙ

Нэгэн зүйл. Их Монгол улсын хаан Хубилайн үүсгэн байгуулсан их Юань улс  Хятадыг Монголын эрхшээлд бүрэн оруулж, 97 жилийн турш (1271-1368) захирсан билээ. Хубилай хаан Их Юань улсын төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн улс төрийн системийг тогтоож чадсан бөгөөд өндөр түвшний бүх албан тушаалд монгол хүмүүсийг томилох зарчим баримталж, хэрэв тохирох монгол хүн олдохгүй бол хятад биш бусад үндэстнийг сонгож байсан байна. Хань үндэстэн улс төрийн хувьд үндсэндээ гадуурхагдаж байв. 1368 онд Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдсөн ч Умард Юань буюу Монголын эзэнт улс өөрийн нутагт оршин тогтносоор үлдсэн юм.
Монголын эзэмшил газар 1300-1405

Нэгэн зүйл. 1368-1644 оны хооронд тогтсон хань үндэстний Мин улс нь хятад хаантай байсан хамгийн сүүлийн улс гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Их Юань улсыг сэргээх зорилготой монгол, зүрчид зэрэг нүүдэлчдийн дайралт үргэлжийн хүндрэлтэй асуудал байсан бөгөөд газар нутгийн хувьд цагаан хэрмээс хойш гараагүй юм. Монгол нутагт бага хаадын үе үргэлжилж байсан ч төрөлх нутгаа харийн түрэмгийлэгчдэд алдаагүй билээ.

Нэгэн зүйл. 1234 онд Чингис хаанд эзлэгдэж дагаар орсон Зүрчидийн Алтан улсын хойчис Айсин Гиоро (алтан ураг) овгийн манжууд Монголын овог, аймгуудтай холбооны улс байгуулан 1644 онд Хятадыг эрхшээлдээ оруулсан Их дайчин гүрнийг байгуулсан байна. (Алтан улсын нэрийг манж хэлээр “Айсин гүрэн”, хятад хэлээр ойролцоогоор Qing буюу Чин юм, “гүрэн”=“улс” гэсэн манж үг) Манж чин улсыг үндэслэгч Нурхайч 1599 онд өөрийн 2 орчуулагч Эрдэнэ багш, Дахай зурхайч нараар монгол бичгийг бага зэрэг өөрчлүүлэн манж цагаан толгойг үүсгэсэн байна. Манжийн дээдсийн хүрээллийнхэн монгол хэл, ёс заншил, монгол хүмүүсийг ихэд хүндэлж, албан бичиг баримтуудыг монгол хэлээр гаргаж, өөрсдөө  монголоор ярьж байв. 1689 оны Нерчинск, 1727 оны Хиагтын гэрээний нэг хувь нь тус тус монгол хэл дээр хийгдсэн байдаг. 1911 онд хаан ширээнээс буусан Айсин гиоро овогт Пү И-гийн хаанчлал хүртэл “Цагаан хэрмээс хойш хятад шаахайн мөр гаргахгүй” гэсэн манжийн хааны бодлого уламжлагдан ирсэн нь тодорхой.

Нэгэн зүйл. Манж чин гүрэн цагийн аясаар өөрөөс нь хөгжлөөр илүү гадаад улсуудын өмнө толгой бөхийлгөж, хэд хэдэн цуврал тэгш бус гэрээ байгуулсны дүнд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр 200 орчим жил хаант Оросын нөлөөний бүст оржээ. Энэ байдал 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал хүртэл үргэлжилсэн гэж үзэх үндэстэй байна.

Чингис хааны үеэс монголчууд хөрш ард түмэнтэйгээ үргэлж дайсагнаж явсангүй. Харин сайн хөршийн болон хар хайрцагны бодлогоо алдалгүй явсаар 1990 онтой золгожээ. Үлгэрлэвэл, манжийн хааны “цагаан хэрмээс хойш нутагт газар тариалан эрхэлж болохгүй” гэсэн хууль буюу эдийн засгийн аргаар хориглолт хийх бодлогыг нүүдэлчид хэлбэрэлтгүй баримталж ирсэн юм.

Нүүдлийн мал аж ахуй эрхэлж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж ирсэн төрийн хар хайрцагны бодлого “Алт” хөтөлбөрөөр эхэлсэн уул уурхайгаар алдагдлаа гэж үү?

Thursday, March 15, 2012

УЛСТӨРИЙН “0” ШИЙДЭЛ


УЛСТӨРИЙН “0” ШИЙДЭЛ

Сонгууль дөхөх тусам улс төрийн тэмцэл, үнэн хэрэгтээ засгийн эрхийн төлөө тэмцэл улам хурцдаж, их л эрээ цээргүй тал руугаа эргэж байна. Эдгээр улс төрчдийн ярьж хэлж байгаагаас дүгнэхэд ардчилсан Монгол улсад нэг ч удаа шударга сонгууль болж байгаагүй юм байна. Дандаа булхай, луйвар.
2008 оны 7-р сарын 1-нд Ерөнхийлөгч дээр цугларсан улс төрийн намын дарга нар бүгд л нэгнийгээ, ялангуяа МАХН (одоогийн МАН), АН хоёрыг булхай хийснийг баримттайгаар баталгаажуулсан гэж ярьсан бичлэгийг саяхан давтан гаргалаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын дарга нар бүгд л булхай, луйврыг баримтжуулж баталгаажуулсан л гэж байна.
Энэ бүгдээс маш энгийн логикоор дүгнэлт хийхэд МАН болон АН-аас УИХ-д сонгогдсон хүмүүс дотор луйвраар гарч ирсэн хүн хэд хэд байгаа юм байна. Тиймээс хамтарсан ч бай, дангаар ч бай засгийн эрхийг хууль бусаар булаан авсан болж таарах нь. Зөвхөн 2008 оны сонгууль биш, бүх сонгууль ижил гэнэ. Орон нутаг ч бас хамрагдана.
Тэгэхээр энэ олон жилийн турш сонгогчдын саналыг будилуулж, засгийн эрх барьсан намуудыг яах ёстой вэ? Эрх зүйт улс, ард түмэн гэдгээ одоо л нэг мэдэрцгээе. Дараахь хуулийн заалтыг хэрэгжүүлэх саналтай байна.
Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйл нь “Намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах” тухай юм. 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заажээ.
Улсын дээд шүүхийн шийдвэрлэх хугацаа нь 23.1-т зааснаар ажлын 5 хоног юм.
Хуулийн энэ заалтын “болзлыг” өнгөрсөн 20 гаруй жилийн турш засгийн эрхийг хууль бусаар авсан (дарга нарын баталгаагаар) МАН ба АН хангалттай биелүүлсэн гэж бодож байна. Сонгууль будилуулсан, булхайцсан, луйвардсан баримт нотолгоог Улсын дээд шүүх тэр хэлсэн, ярьсан хариуцлагатай хүмүүсээс гаргуулж баримтжуулах нь зүйтэй юм.
Энэ 2 намын гишүүдийг нийлүүлээд ч Монголын ард түмний олонх болж чадахгүй тул энэхүү тараах шийдвэр нь нийт ард түмний эрх ашгийн төлөө байх нь дамжиггүй. Одоо энэ манай дарга нар яах вэ гэж үү? Дахин шинээр нам байгуулах нь байгуулаад, бусад намд элсэх нь элсэнэ л биз. Харин шинээр байгуулагдах намыг нь сонгуульд өрсөлдөх эрхийг нь нээж өгөх байх аа. Үнэхээр л эх орон, ард түмнийхээ төлөө бол дахиад л гараад ирэх байлгүй дээ.
Хэрэв Улсын дээд шүүх ингэж шийдвэл энэ элдэв талцал, хонзогнол үгүй болж, 7-р сарын 1-ний хэрэг ч амархан шийдэгдэнэ гэж мунхаглана. Энэ тохиолдолд яг буудсан этгээд хариуцлага хүлээхээс улс төрийн хариуцлага хүлээх субьект үгүй болно. Тушаал өгсөн ч бай, үгүй ч бай дарга нарыг шийтгэх шаардлагагүй болж, дахин хонзогнол, талцал, хэлмэгдэл, гүтгэлэг гарахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Шинэ УИХ сонгогдох хүртэл засгийн эрх Ерөнхийлөгчид шилжих болов уу. Хуульчид үүн дээр хуулийн дагуу яах ёстойг, төрийн ажлыг яаж зохицуулах ёстойг гаргаж ирэх биз дээ.
Энэ санал засгийн эрх бариагүй бусад намуудад хамааралгүй юм. Тэд харин дээрх намуудын алдаа, дутагдлыг давтахгүй байх ёстой.

“0 øèéäýë”-ийн санал дэвшүүлсэн,
Монгол улсын иргэн Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ

Tuesday, March 8, 2011

"Тусгаар тогтнол"-ын тухай сэтгэгдэл

2011.03.07

Жанжин Сүхийн хөшөөгөөр муур хулгана болж тоглосон өнгөрсөн өдрүүдийн маргааны гол сэдэв нь угтаа бол Монгол улсын тусгаар тогтнолын асуудал байсан юм. Тусгаар тогтнол бол Монгол хүн бүрийн амин чухал, эрхэм нандин зүйл бөгөөд хөшөө буулгах, сэргээх, ордонтой болох мэтхэнээр тунхаглан зарлах, мөн түүнчлэн хэн нэгэн эсвэл хэсэг мундаг хүмүүс олж ирсэн юм шиг амархан тодорхойлогдох боломжгүй, олон жилийн түүхэн тэмцэл, дэлхий дахин, бүс нутгийн нөхцөл байдал, дэлхийн дайнууд, тэдгээрт ялсан, ялагдсан их гүрнүүдийн хэлэлцээр, тохироо зэрэг олон зүйлээс хамаарах одоо ч бүрэн төгс судлагдаж дүгнэлт хийгдээгүй сэдэв болой.

Тусгаар Монгол улсын түүхийг 1921 оноос эхлүүлэх сонирхолтой байгаа нэг хэсэг байхад, 1911-1921 он хүртэлх үеийг орхигдуулахгүй нэг хэсэг байна гэж харагдаж байна. Хүнээр бол намтрын нэг хэсгийг орхих, орхихгүйтэй адил юм уу. Хамгийн сонирхолтой нь өсвөр үеийнхэн маань ямар түүх сонсож байгаа бол доо, одоо. Иймээс энэ тал дээр түүхчдийн хийх ажил их байх нээ.

1911 оны 12-р сарын 29. Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, 8-р Богдыг хаан ширээнд залсан нь халх 4 аймаг, Ховдын хязгаараас гадна Өвөрмонгол, Барга, Урианхай, Буриадын бүх монголчуудыг нэгтгэсэн улс байсан юм. Тухайн үед хаанд дагаар орсон хошуу, нутгийг өөрт хамааруулан үздэг хаант улсын системтэй байлаа.

1911 онд Богд хаант Монгол улс дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлаад 1912 онд хаант Орос улстай найрамдлын гэрээ байгуулсан нь Орос-Японы дайны дараахь хэлэлцээр ёсоор Оросын нөлөөний бүсэд хамрагдсных байлаа. Орос улс Монголыг тусгаар улсын хувиар найрамдлын гэрээ байгуулсан боловч 1915 оны Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээний үеэр Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй өөртөө эзэрхэх улс гэж ойлгож байгаа гэдэг дипломат заль хэрэглэсэн байдаг. Энэ тухай О.Батсайхан докторын “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ (1911-1916)” гэсэн бүтээлд дэлгэрэнгүй бий.

“Гурван улсын гэрээгээр Монголын хил хязгаарыг Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар нутаг байхаар тогтоосон явдал нь Монголыг ар, өвөр болгон албан ёсоор хувааж хуульчилсан баримт болсон юм. Энэ нь 1911 онд эхэлсэн Монголын үндэсний хувьсгалын тэмцэлд монгол үндэстэн нэгдмэл хүчээр нэгдэж тэмцэж амжилтанд хүрнэ гэсэн алсын зорилт биелэгдэхгүй байх нэг нөхцөл болсон юм. Хэдийгээр монгол үндэстэн, түүний уламжлал, зан заншил, соёл хуваагдмал байх нь монгол овогтонд олон сөрөг үр дагавар авчирсан сайн зүйл бус боловч үүний зэрэгцээ Монгол төрийн гал голомт хил хязгаар тогтоосон тэрхүү нутагт дахин сэргэн хөгжих нөхцөлийг бий болгосон явдлыг бодитойгоор үнэлэх нь зүйтэй болов уу. Хиагтын гэрээгээр тохиролцсны дагуу Монголын төрд дагаар орсон өвөр Монголын зарим ноёд нутаг буцах болсон билээ.” гэжээ. (дээрх зохиол, х185.)

Манжийн ноёрхлын дараа 1912-1916 онд Хятадын ерөнхийлөгч байсан Юань Шикай Хиагтын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг бүрмөсөн устгана гэж тооцоолж байсан боловч хүчирхэг Оросын нөлөө, мөн дэлхийн нэгдүгээр дайны дараахь нөлөөллийн бүсийн хуваарилалт тэдний санаархлыг хязгaaрласан байна. 1919 онд автономийг устгах хүртэл Монгол хэдийгээр Хятадаас хараат автономит “улс” болсон ч эдийн засаг, хил гааль, хууль цааз, зэвсэгт хүчин зэрэг бүх талаар тусгаар улсын статустай байсан билээ. Мань Юань Шикай манжийн үед цэргийн жанжин, ерөнхий сайд байсан бөгөөд 1911 оны Хятадын хувьгалын дараа үндэстний эв нэгдлийг бодсон Сун Ят Сэн (тухайн үед 2 ерөнхийлөгчтэй болоод байв) түүнийг дэмжиж татгалзснаар тэрээр Бээжинд сууж байсан Манжийн хааны бодлогыг үргэлжлүүлэгч болсон юм. 1915 онд өөрийгөө хаанд өргөмжлөн бүх талаар нэгэнт хоцрогдсон өмнөх засгийн бодлогыг үргэлжлүүлэхийг санаархсан нь улс орныг дахин эмх замбараагүй байдалд хүргэжээ. Тэрээр 1916 оны 6-р сард таалал төгсч, Хятадын өнцөг булан бүрт эрхшээлээ тогтоох гэсэн цэргийн эрхтнүүдийн 20 жил үргэлжлэх замбараагүй байдал эхэлсэн юм. Хятадын хамгийн том муж Сычуаньд гэхэд энэ 20 жилд 50 гаруй генералын хооронд 500 орчим зөрчилдөөн үүссэн байх жишээтэй. (p.101, Generalissimo Chiang Kai-Shek and the China he lost)

1917-1918 онд гэхэд л Хятад улсад 2 ерөнхийлөгч, 8 ерөнхий сайд солигдсон байна. (Wikipedia, List of state leaders) Ер нь Бээжин дэх Хятадын засгийн газрын хүчин ихээхэн мөхөс байжээ. Хятадын өнцөг булан бүрт цэргийн генералууд төв засгийн газраас хараат бус дээрэм, тонуул, аллага хядлагаар ноёрхлоо тогтоож байв. 1918-1920 онд Хятадын засгийн эрхэнд хүчээ авч Үндэсний Ассемблейн дөрөвний гурван хувийн суудлыг авсан Анхуй бүлгийн толгойлогч, ерөнхий сайд Дуан Чируй (Duan Qirui)-н баруун гар, Баруун хойд хил хамгаалах армийн захирагч, генерал Сю Шүжэн (Xu Shuzheng) 1919 оны 10-р сард Монголыг эзлэн түрэмгийлж, 11-р сарын 17-нд Монголыг Хятадын эрхшээлд түр зуур авсан байна. Энэ үйл явдалд Монгол улсаа худалдсан гэх улсын дээд хурлын гишүүд, сайд ноёд, Чен И-тэй хамтран 64 зүйлийн бичиг илгээсэн тухайн үеийн ерөнхий сайд, гадаад явдлын яамны сайд, эрхтэн дархтны тухай ард түмэн “уут уут мөнгөөр улсаа худалдсан ноёдууд” гэсэн дуу хүртэл зохиосон билээ. Манай сайд ноёд Хужирбуланд Сю Шүжэн-ий зохион байгуулсан цэргийн жагсаал, зоогонд уригдаж оролцсон байдаг. (доктор Е.Беловын диссертацид бий.)
Автономийг устгах шийдвэр гаргах Улсын дээд болон доод хурлын хамтарсан хурал дээр доод хурлын гишүүд болох Нийслэл хүрээний цагдаагийн дарга Цэмбэл бэйс, Баатарбадрах гүн зэрэг эх орончид эрс эсэргүүцэж доод хурлын шийдвэр эсрэг гарсан байна. Үүнийг үл харгалзан Сю Шүжэний хүссэн автономийг устгах Улсын дээд хурлын шийдвэрт дээд хурлын гишүүн бүх 5 сайд, 11 дэд сайдын хамт гарын үсэг зурж, Богд хаанаар тамгалуулах гэсэн боловч тэрээр татгалзсан байдаг. Хэдий тийм ч тэр шийдвэрийг хожим Хятадын засгийн газар Орост “монголчуудын өөрсдийн хүсэлт” гэж тайлбарласан юм.

Баруун хойд хилийг төвхнүүлэх генералын үйлдэлд 1919 оны хоёр, гуравдугаар сард Читэд хуралдсан панмонголчуудын хурлаар байгуулагдсан Өвөр Монголын нэйс гэгээн Мэндбаяр ерөнхий сайдтай “Нэгдсэн Монгол” улсын “аюул” ихээхэн шалтаг болсон юм. Уг хурлын зохион байгуулагч атаман Г.М.Семёнов гэх буриад гаралтай нэгэн 1946 он хүртэл амьдрахдаа энэ санаагаа орхиогүй байна. Xu Shuzheng болон Grigory Semyonov-н намтрыг Wikipedia-с уншиж болно. Сю Шүжэн дээрх албан тушаалаас 1920 онд огцорч, 1925 онд өшөө авалтын бай болж, насан эцэслэсэн байна.

Манай сайд ноёдын Автономийг устгаж Хятадын эрхшээлд бүрэн орох бичиг үйлдсэн үйлдэл нь түүнээс нэлээн хойно тухайн үеийн улсын удирдагчдаас БНМАУ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орохыг хүссэн бичгийг 1945 оныг хүртэл хэд хэдэн удаа, бүр 1950, 1953 онуудад хүртэл илгээж байсан үйлдэлтэй нэлээд төстэй байдаг. Эдгээр үйлдэл нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн, одоогоор бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юм уу даа, харилцан тохиролцсон гэрээг зөрчих болно гэдгийг манай аль ч үеийн удирдлагууд мэдэхгүй байсан нь харамсалтай.

Иймд энэхүү нарийн төвөгтэй, эрхэм нандин сэдвийг маргааны бай болгох биш улам нарийвчлан судалж, үнэн мөнийг мэдэж авах зайлшгүй шаардлагатай байна.